УЛАМЖЛАЛТЫН С.ХИШИГЖАРГАЛ


Энэ долоо хоногийн пүрэв гаригт Олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал “Уламжлалт анагаах ухааны эмчилгээний шилдэг аргууд” сэдэвтэйгээр өрнөсөн юм. Долоон орны 60 гаруй гадны төлөөлөгчид оролцсон энэ арга хэмжээний хүндтэй зочдын нэг нь АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн дотрын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор С.Хишигжаргал байлаа.
Уламжлалтын гэж салбартаа хүндлэгддэг тэрээр Улаанбаатарын уугуул. 1985 онд Анагаахын дундын сувилагчийн анги, 1991 онд Анагаах ухааны их сургуулийн их эмчийн ангийг тус тус дүүргэжээ. Ээж нь сувилагч байсан нь эмч мэргэжлийг сонгох шалтгаан болсон гэдэг.
Хишигжаргал төгсөөд л сургуульдаа уламжлалтын чиглэлээр багшлах урилга авчээ. 1989 оноос уламжлалт анагаах ухаан ид сэргэж эхлэх үед багшийн хэрэгцээ өндөр байж. Өнөөг хүртэл уламжлалтын эмч бэлтгэж яваа Хишигжаргал багш “Миний ажил гэгээлэг, сонирхолтой, сайхан шүү. Мэдлэг чадвараа оюутнууддаа зааж сургана, бас өөрөө ч тэднээсээ их юм сурдаг. Ер нь боловсролын салбар их хүртээмжтэй өгөөжтэй” гэж ярив. Тэрээр ажиллах хугацаандаа боловсрол, эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгийг авсан байна. С.Хишигжаргалын охин Б.Болортуяа ээж шигээ эмч. Охин нь курс оношилгооны эмч хийж байгаа гэнэ.
Хишигжаргал багш уламжлалт анагаах ухааныг “Уламжлалт бол урьдчилан сэргийлэх анагаах ухаан гэж явсаар ирсэн. Өвчилсөн хойно нь биш, өмнө нь бие, хэл, сэтгэл, идээ, ундаа, явдал мөрөөр нь урьдчилж сэргийлдэг ухаан. Архаг өвчинд их үр дүнтэй. Үе мөчний өвчин, сахарын өвчин, харшлын талын эмчилгээг уламжлалт анагаах ухаан түлхүү хийдэг. Хурц үеийг нь европ эмчилгээний аргаар 7-14 хоног эмчлээд дараа нь уламжлалтын эмчилгээ хийвэл эдгэрэлт хурдан байдаг. Хүн бүр нас, хүйс, бие махбодын хувьд адил биш. Тиймээс эдгээрийг харгалзаж үзээд хувь хүнд тохирсон эмчилгээг уламжлалт анагаах ухаан хийдэг” гэж тодорхойлов. Уламжлалтын эмч нар вирусийн гаралтай өвчнийг эдгээхээр уламжлагдаж ирсэн жор, тангуудын судалгаа эхэлжээ. Ноднин жил гэхэд л эдний сургуулийн багш Оюунцэцэг амьсгалын замын вирусийн эсрэг үйлдэлтэй эмийн ургамлын жорын судалгаа хийсэн гэнэ. “Бүх вирусийг эмчилнэ гэвэл худлаа. Жишээ нь элэгний вирусийг уламжлалтаар эмчилнэ гэж байхгүй. Гэхдээ манайд H1N1 вирус тархах үед ХӨСҮТ-д тусгай өрөө нээж уламжлалтын эм өгөхөд маш үр дүнтэй байсан. “Норов 7”, “ман 4”, “лидэр 7” гэсэн эмнүүдийг өгч тэр өвчний тархалтыг зогсооход тодорхой хувь нэмрээ оруулсан. Гэхдээ одоохондоо вирусийн гаралтай ямар өвчинд аль эм тохирох эсэхийг хараахан тогтоогоогүй судалгаа хийгдэж байгаа” хэмээн сонирхуулав.
Монголын уламжлалт анагаах ухааны онцлог юу вэ гэж түүнээс сонирхоход “Манай уламжлалт анагаах ухаан нүүдэлчин соёл иргэншил дээр тулгуурласан өөрийн гэсэн арга барилтай. Хятад, Төвд, Энэтхэг гээд бусад улсын анагаах ухаанаас хэрэгтэй зүйлсээ авч илүү баяжуулсан. Гэхдээ манайд өөрсдийн эмчилгээний аргууд бий. Нэгдүгээрт, тархины доргилтыг эмчилдэг арга байна.
Хоёрдугаарт, монголчууд морь малтай их ноцолддог, бэртэж гэмтдэг байсан учраас яс хугарах, бэртэх үед барьдаг эвлүүлдэг арга ухаан гэж бий. Гуравдугаарт, хануур хийдэг арга ухаан байна. Монгол орон их хүйтэн, эрс тэс уур амьсгалтай учраас төөнүүр хийх арга бас байгаа. Шар тос халааж эсгий дүрээд эмчилгээний идэвхтэй цэгүүд дээр тавьдаг юм. Монголчууд энэ дөрвөн зүйлийг Дорно дахины анагаах ухаанд оруулсан хувь нэмэртэй улс” гэж тодорхойллоо.
Тэрээр “Уламжлалт анагаах ухаанд эмчилж чаддаг, чаддаггүй өвчин бий. Европ анагаах ухаан ч ялгаагүй. Хэт нэг талыг барьж туйлшралгүй аль аль талынх нь сайн чанарыг олж харах хэрэгтэй. Хэрэв энэ хоёр анагаах ухаан нэгдэж эмчилгээ хийвэл илүү үр дүнгээ өгч үнэхээр олон өвчнийг эдгээж чадна” хэмээн ярьсан юм.

Popular posts from this blog

Бумба тавих

Сүүн бариа заслын эмчилгээ хийх

Бариа заслын эмчилгээ хийх