Уламжлалт анагаах ухаан Монгол хүний дэлхийд өрсөлдөх оюуны брэнд

Уламжлалт анагаах ухаан Монгол хүний дэлхийд өрсөлдөх оюуны брэнд

Огноо: 2013-09-19 10:09:27
Монголчууд уламжлалт анагаах ухааныг шашинтай холбон ойлгодог гэдэг. Гэтэл Монголын уламжлалт анагаах ухаан дэлхийд өрсөлдөх Монгол брэнд болох бүрэн боломжтойг

зарим эрдэмтэд өөрсдийн судалгаа, шинжилгээний хүрээнд батлаад байгаа. Энэ талаар Синергетик анагаах ухаан судлалын төвийн тэргүүн судлаач Д.Чулуунцэцэгтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд уламжлалт анагаах ухааны салбар шинжлэх ухааны үндэслэлтэй судлагдаж эхэлсэн баярын мэнд хүргье. 

-Баярлалаа. Монголын уламж­лалт анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллагын 40 жилийн ой, Монгол Улсад уламж­лалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй су¬далж эхэлсний 54 жилийн ойн баярын мэндийг энэ салбарт ажиллаж амьдарч буй үе үеийн судлаач эрдэмтэн, эмч, маарамба багш нар­таа болон Польш улсад байгаа ний­гэмлэгийнхээ хамт олон, найз нартаа хүргье.

-Энэ сарын эхээр болсон “Шинж­лэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл” үндэсний чуулганд та “Монголын уламжлалт анагаах ухаан Дэл­хийд өрсөлдөх Монгол брэнд” гэсэн илтгэлийг хэлэлцүүлсэн. Тухайн үед оролцогчид ч их анхаарал хандуулж байсан. Энэ талаар яриагаа эхлэх үү? 

-Сүүлийн 20 жилийн хугацаанд өрнөсөн эрүүл мэндийн зах зээл дээрх глобал чиг хандлагуудыг судлан үзэхэд монголчуудын ашиг сонирхолд ихээхэн хамаатай нэгэн үйл явдал болж байгаа нь илэрхий болсоор байна. Магадгүй олон хүний хувьд анагаах ухааны талаарх ирээдүйн төсөөллийг багагүй хэмжээнд эвдэж мэдэх юм.

Бид уламжлалт анагаах ухааны аж үйлдвэрийн нэгэн шинэ чиглэлийг тодорхойлохын хамт түүний эдийн засаг, зах зээл, шинжлэх ухаан, технологи, хэрэглээний үнэ цэнийн талаар хийсэн дүгнэлтүүдээ олон нийтэд танилцуулсан хэрэг.

-Брэнд гэхээр зах зээлийн хүрээ өргөн, эдийн засагт эзлэх байр суурь нь том хүнд үзүүлэх ач холбогдол нь өндөр бүтээгдэхүүн үйлчилгээ байдаг. Тэгэхээр уламж­лалт анагаах ухааны үнэ цэн, дэлхий нийтийн хандлагын талаар ярих нь зүйтэй байх? 

-Дэлхий нийтийн уламжлалт анагаах ухаанд итгэх итгэл, бай­галийн эмчилгээний хэрэглээ эрс өсөн нэмэгдэж байгаа. Азийн уламжлалт анагаах ухаанууд нь байгалийн эмчилгээний зах зээл дээр тэргүүлнэ гэдэгтэй хэн ч маргахгүй. Баруунд үүсээд бай­гаа хэрэглээний өсөлт нь Азийн анагаах ухааны арилжааны үнэ цэнийг глобал аж үйлдвэрийн хэмжээнд хүртэл өсгөөд байна.

Цаг үеийн энэхүү таатай боломжийг ашиглан Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Төвд зэрэг улс, үндэстэн төрийн бод­лого, засгийн газрын идэвхтэй үйл ажиллагааны дэмжлэгтэйгээр өөрсдийн уламжлалт анагаах ухааныг экспортын баримжаатай эдийн засгийн салбарын хэмжээнд хүртэл хөгжүүлж, багагүй ам¬жилтад хүрээд байгаа нь зах зээлийн судалгаанаас тодорхой харагддаг. Хамгийн ойрын жишээ татахад “Helmut Kaiser” ком­паниас гар­гасан зах зээлийн судал­гаанд дурдсанаар 2005 онд хятад эмийн худалдаа 14 тэрбум хүрч байсан бол 2010 онд 48 тэрбум ам.доллар болж өссөн байна.

Харин 2025 он гэхэд хятад эмийн зах зээл 130 тэрбум ам.дол­лар болно гэж таамагласан байдаг. Энэ өсөлт нь мэдээж байгалийн эм, эмчилгээний гадаад зах зээлийн боломжийг бүтээлчээр ашиглаж байгаагийн нэг илрэл.

-Уламжлалт анагаах ухааны хөгжилд ДЭМБ-ын байр суурь чухал нөлөө үзүүлэх байх гэж бодож байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу? 

-Байлгүй яахав. 2000 онд ДЭМБ-аас “Архаг өвчнөөс сэр­гий­лэх нь амин чухал хөрөнгө оруулалт” гэсэн нэртэй судалгааны тайлан гаргасан байдаг. Энэ судал­гааны гол дүгнэлт нь “Архаг өвчний тар­хац дэлхийн хэмжээнд гамшигийн түвшинд хүрсэн ба архаг өвчний эмчилгээнд уламж­лалт болон ардын эмнэх аргууд илүү үр дүнтэй байна. Тиймээс улс үндэстнүүд өөрийн уламжлалт болон ардын анагаах ухааны хөгжлийн асуудлыг анхааралдаа авч бодлого болгон хэрэгжүүлэх нь чухал болоод байна” гэсэн зөв­лөмжийг өгсөн байдаг.

-Монголчууд уламжлалт ана­гаах ухаанаас албан ёсны ана­гаах ухааныг илүүд үздэг нь нууц биш. Ер нь манай уламжлалт анагаах ухааны гадаад зах зээл өнөөдрийн байдлаар ямар байна вэ? 

-Хорин жилийн өмнө Монголын нүүрсийг нэг их тоодоггүй байсан. Гэтэл зах зээл дээрх нөхцөл байдал өөрчлөгдөхөд түүний үнэ цэн нь дагаад өссөн. Үүний нэгэн адил эрүүл мэндийн салбарт, Монголын уламжлалт анагаах ухааны хувьд бий болоод байна.

Монголын уламжлалт анагаах ухаан 1991 онд анх ардчиллын ач буянаар гадаад зах зээлд хөл тавьсан гэж боддог. Монгол эмч нарын үйлчилгээ барууны хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ бол­чихсон байна. Одоогоор Польш улс нь Монголын уламжлалт ана­гаах ухааны гадаад зах зээлийг хөгжүүлэх “Төв лаборатори” бол­сон гэж үзэж болох юм. Өнөөдөр Польшд байгаа Монгол эмч нарт үзүүлэх гэж Герман, Франц, Итали, Англи, Швед болон бусад олон орноос өвчтөнүүд зорин ирдэг болоод байна.

-Польш дахь монголчуудын эрхэлдэг ажлын талаар яривал?

-Польшд амьдардаг монголчуудын хувьд нэг онцлог байдаг. Эдний дийлэнх нь эмч нар. Маш тодорхой сегментчилэгдсэн мэргэжлийн бүлэг. Өөр хаана ч ийм нэг төрлийн мэргэжлийн бүл­гээр монголчууд гадаад оронд гарч ажиллаж байгаагүй. Энд Америк, Япон Солонгост очиж ажил хийж мөнгө олдгоос арай өөр үйл явц явагдаж байгааг анзаарах хэрэгтэй. Энд эмч нар монголчуудын оюуны үнэт зүйлээр баялаг бүтээж бас ургамлын эм бэлдмэлийн экспортын зах зээлийг хөгжүүлж байна.

-Монголын уламжлалт ана­гаах ухааныг Дэлхийд өрсөлдөх брэнд болгоход төр засгаас баримтлах бодлого шийдвэрүүд чухал нөлөө үзүүлнэ. Манай өнөөгийн засаг, төр та бүхний энэ саналыг хэрхэн хүлээн авч байна вэ? 

-Монголчууд уул уурхай, хөдөө аж ахуйгаасаа гадна уламжлалт анагаах ухааны салбараа хөг­жүүлж чадвал эдийн засгийн нэг багана болох боломжтой гэдэг саналыг энэ оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Польш улсад айлчлах үеэр тавьж бай­сан. Ерөн­хийлөгч маань маш сайхан хүлээн авч шинэчлэлийн Засгийн га¬зар­тай холбож өгсөн. Одоогоор бид БШУЯ, ЭМЯ-нд өөрс¬дийн судалгаа шинжилгээний ажлаа танилцуулсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, сайд Л.Ган¬төмөр, Н.Удвал нар дэмжлэг үзүүлэхээ илэр­хийлж, ямар бод­лого байх, юу хийх талаар ажлын хэсгүүд гаргаад ажилдаа орсон. Тэгэхээр төрийн зүгээс шаард­лагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэсэн үг. Үндсэндээ Монголын уламж­лалт анагаах ухаан стратегийн салбар болох ажил эхэлсэн гэж ойлгох хэрэгтэй.

-Манай улсад уламжлалт ана­гаах ухаан хөгжихгүй байгаа гол шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?

-Нэгдүгээрт уламжлалт ана­гаах ухааныг шашинтай холбон ойлгодог байсан ойлголт өнөөд­рийг хүртэл байсааар л байна. Хоёр­дугаарт сүүлийн жилүүдэд уламж­лалт анагаах ухааны зарим эмчилгээг шууд анагаах ухааны сал­барт буюу эмнэлгүүдэд ашиглаж эхэл­сэн. Өөрөөр хэлбэл уламжлалт анагаах ухаан гэсэн цогц зүйлийг салгаж ялгаад саармагжуулаад байна. Дэлхийн зах зээлийн хандлага нь уламжлалт анагаах ухааныг нэгдсэн цогц байдлаар хүлээн авч байна.

-Уламжлалт анагаах ухааны бодлогын шинэчлэл нь юу вэ? 

-Глобал аж үйлдвэр болох, энэ хүрээнд 2050 он гэхэд таван триллион ам.долларын өртөг бүхий салбар болгохыг зорьж байна. Мөн хэт өртөгийн бэрхшээлээс сэр­гийлэх явдал. Инновацийн хэрэгсэл болгох юм. Бидэнд одоо юу хэрэгтэй байгаа талаар тодор­хой хэлэхэд, хам­¬гийн эхэнд гадаад зах зээлээ хөг­жүүлэх, брэнджүүлэх шаард­лагатай бай­на. Үйлдвэрлэлээ өсгөх, техно­логижуулах, шинэ зохион байгуулалтад ороход шаардлагатай хууль, хөтөлбөрүүдийг хэрэг­жүү-лэх, уламжлалт анагаах ухааныг хариуцсан салбар нэгжтэй болох хэрэгтэй.

-Монгол Улсад уул уурхай, газар тариалангийн үйлдвэрлэл нэлээд хөгжиж байна. Дээрээс нь байгаль цаг уурын өөрчлөлт зэрэг нь ховор эмийн ургамлыг устгах, хэмжээг нь багасгах зэрэг эрсдэл гарч болох юм? 

-Тийм ээ. Нэгэнт уламжлалт анагаах ухааныг төрөөс дэмжиж байгаа учраас дээрх эрсдэлээс хам­гаалагдах боломжтой болж байгаа юм. Хэрвээ манай тал­барынхан төрийн байгуул­лагуудтай учир зүй­гээ олоогүй байсан бол магадгүй уламжлалт ана­гаах ухаанд өргөн хэрэглэгддэг ховор ургамлууд уул уурхай, газар тариалангийн хөлд үрэгдэх эрсдэлтэй байсан. Ер нь уламжлалт анагаах ухааныг дэлхийн жишигт хөг­жүүлэх саналыг маань шинэч­лэлийн Засгийн газар хүлээж авсан нь хамгийн сайшаалтай хэрэг болоод байна.

Popular posts from this blog

Бумба тавих

Сүүн бариа заслын эмчилгээ хийх

Бариа заслын эмчилгээ хийх